Зан чанар ба Мэргэжил

Мэргэжлээ оновчтой сонгож, ажилдаа сэтгэл хангалуун байх нэг үндэслэл нь таны ажил мэргэжил, таны зан чанарт хэр тохирч байгааг тодорхойлох юм. Энэ нь хүн эрч хүчээ хаанаас авдаг (гаднаас эсвэл дотроосоо), мэдээллийг хэрхэн авдаг (хүрч мэдрэх эсвэл зөн совин, бодлоор), шийдвэр гаргахдаа бодож сэтгэх нь давамгай юу эсвэл сэтгэл хөдлөлдөө автах нь илүү юу,  аливаад эрс шийдэмгий хандах эсвэл хүлээцтэй ойлгож хүлээж авахыг эрмэлзэх гэх зэрэг үндсэн шинжүүдээр тодорхойлогддог байна /Карл Жунг-ийн Зан Чанарын Онол/. Сэтгэл судлаачид энэ онол дээр тулгуурлан хүний төрөлх зан чанарт тохирсон ажил мэргэжлийг нь тодорхойлж өгөх сэтгэлзүйн тестүүд боловсруулсан байдаг байна (Myers-Briggs Type Indicator). Интернэтэд мөнгө төлөөд англи хэл дээр энэхүү тестийг хийж болдог цахим хуудсууд ч байна.

Зан чанарын онолд заасан үндсэн 4 шинж нь дотроо 2 эсрэг тэсрэг шинж чанарыг агуулсан. Сэтгэлзүйн тестийн хариу нь эдгээр үндсэн 4 төрлийн нийлбэр байдлаар гардаг байна. Жишээ нь дотогшоо зантай хүн шийдвэр гаргахдаа асуудлыг бодитоор харж шийддэг байж болно. Ингээд энэхүү онолын хураангуйлсан тайлбарыг та бүхэнд хүргэе. Зан чанарын төрөл бүрийг тухайн үгийг тодорхойлсон англи үгний үсгээр товчлон бичлээ.

E Extraverts Эрч хүчийг гаднаас авдаг хүн бусадтай баг болж ажиллах дуртай, завгүй чимээ шуугиантай орчинд ч ажиллаж чаддаг.
I Introverts Эрч хүчийг дотроосоо авдаг хүнийг бид дотогшоо, дуугай зантай гэх бөгөөд ийм хүнд бие даан ганцаараа, чимээгүй тайван орчинд хийдэг ажил тохирно.
S Sensors Мэдээллийг биеэрээ хүрч мэдэрч, нүдээрээ харж байж илүү сайн авдаг хүнд хүнтэй тулж ажиллах, машин тоног төхөөрөмж, дата тоо баримт гэх мэт бодит зүйлтэй ажилладаг ажил илүү нийцтэй байна.
N Intuitives Аливаад мэдрэмжиндээ илүү хөтлөгддөг хүнд онол, янз бүрийн санаан дээр тулгуурласан хийсвэр зүйлтэй ажиллах нь тохиромжтой.
T Thinkers Юмыг бодитоор харж боддог прагматик сэтгэлгээтэй хүнд оюун ухаанаа түлхүү ашигладаг ажил зохино.
F Feelers Шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөөр их ханддаг хүнд бусдад тусалдаг, бусдын сайн сайхны төлөө хийдэг ажил илүү тохирно.
J Judgers Асуудалд эрс шийдэмгий ханддаг хүн дэг журамтай, эмх цэгцтэй байгууллагад ажиллах дуртай байдаг.
P Perceivers Аливаад хүлээцтэй, ойлгож хүлээж авахыг илүүд үздэг хүн эрх чөлөөтэй, уян хатан нөхцөлтэй орчинд ажиллах дуртай. Тэд мөн бага зэргийн замбараагүй байдал үүсэхийг ч тоодоггүй байна.

ПРАГМАТИСТУУД
Логик сэтгэлгээгээ ашиглан бодит үр дүнд хүрэх дуртай.

ESTJ: Ерөнхий менежер, Даатгалын ажилтан, Зээлийн эдийн засагч, Сургуулийн эрхлэгч
ISTJ: Нягтлан, Оффис менежер, Логистикийн мэргэжилтэн
ESTP: Мөрдөн байцаагч, Санхүүгийн шинжээч, Борлуулалтын менежер
ISTP: Мужаан, Механик, IT Инженер

  АСРАГЧИД
Бусдад бодит тусламж үзүүлэх дуртай.

ESFJ: Бага ангийн багш, Гоо сайханч, Хүүхэд асрагч
ISFJ: Нийгмийн ажилтан, Нярав, Захирлын туслах
ESFP: Тоглоомын төвийн ажилтан, Харилцагчийн үйлчилгээний ажилтан, Ресепшин, Сувилагч
ISFP: Малын эмч, Тоног төхөөрөмжийн засварчин, Судалгааны ажилтан

ОНОЛЧИД
Шинэлэг зүйл, шинэ санаа, шинэ бүтээл туурвих дуртай.

ENTJ: Захирал, Инженер, Хуульч, Архитектор
INTJ: Програм хөгжүүлэгч, Шүүгч, Мэс засалч
ENTP: Газар хот төлөвлөлтийн мэргэжилтэн, Энтрепренёр, Продюсер, Реалтор
INTP: Анагаах ухааны шинжлэх ухаанч, Математикч, Сэтгэл судлаач

БУСДЫН ТӨЛӨӨ
Бусдын төлөө гар сунгаж, энх тайван эв найрамдалыг тогтоох дуртай.

ENFJ: Буяны газрын ажилтан, Багш, Олон нийттэй харилцах ажилтан
INFJ: Зохиолч, Интерер дизайнер, Нярайн эмч
ENFP: Рестораны ажилтан, Сувиллын ажилтан, Сэтгүүлч
INFP: Сэтгэлзүйч, Номын санч