Японы менежмент яагаад мундаг вэ?

Хөнгөн тэрэг бүх төрлийн хагас дамжуулах микросхемийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч энэ орны менежмент Америкийн удирдах арга барилаас эхтэй гэгддэг. Өөрөөр хэлбэл “Нэг фирмд насан туршдаа ажиллах” гэсэн америк маягийн санаа японд их үр дүнгээ өгдөг байна.

Японы менежментийн загвар “Бид нэг гэр бүлийнхэн” гэсэн философид үндэслэгддэг. Тийм ч учраас япон менежерүүдийн үндсэн зорилт нь ажилтнуудтайгаа найрсаг харилцаа тогтоох, ажилчид-менежерүүд бол “нэг гэр бүл” гэдгийг ойлгуулахад оршдог. Энэ аргыг нэвтрүүлсэн олон фирм амжилтад хүрчээ. Тухайлбал, алдарт “Сони” корпорацийн ажилтнуудын дунд явуулсан санал асуулгаас тэдний 75-85% нь “нэг багийнхан”, эрчимтэй хамтын хүч багийн бүх гишүүдэд ашиг тус авчирна гэж боддогоо илэрхийлжээ.
Японы удирдлагын систем ажилтнуудаа үнэн сэтгэлээс нь ажиллуулж сургадаг. Жишээ нь, японы ажилчид амралтын өдрөө ховор амардаг, өмнөх ажлаа үг дуугүй гүйцэтгэдэг, ээлжийн амралтаа бүтнээр авдаггүй, хэрэв тэгвэл компанийн өмнө “нүүр буруулсан”-д тооцдог. Мөн Японы фирмүүдэд боловсон хүчний халаа сэлгээ бараг байдаггүй, машины үйлдвэрийн 1000 ажилтнаас жилд ердөө 25 нь л ажилдаа нэг удаа ирээгүй гэсэн судалгаа бий.
ГИРИ – ХҮНДЭТГЭЛИЙН ТӨЛӨӨС
“Гири” буюу хүндэтгэлийн өр төлөөс гэсэн ойлголт байдаг. Энэ нь хамт олон, бүлгийн өмнө хүлээх үүрэг, гүйцэтгэх ажил юм. Нэг ёсондоо үүрэг, ажил хувь хүнийг нэг бүлгээс өөр бүлэгт буюу гэр бүл, сургууль, дээд сургууль, байгууллага, хэлтэс гэх мэт шилжих явцад хувьсаж байдаг. Энэ зарчим тухайн бүлэг доторх ашиг тусыг тодорхойлж, бүлгээс гадуурх харилцаанд оролцох шаардлагагүйг тусгадаг ч япончууд хэн бүхэнд туслахад бэлэн байдаг. Японы фирмүүдэд жил бүр “Компани байгуулагдсан өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд сайн ажилтныг урамшуулах систем маш сайн хэрэгждэг. Урамшууллын олон хэлбэр бий. Тухайлбал, албан тушаал дэвшүүлэх, шагнал өгөх, бэлэг хүртээх, зохиогчийн гэрчилгээ, тусгай арга хэмжээ, хүлээн авалт, компанийн бүтээгдэхүүний хямдрал урамшуулал, хэвлэлд нийтлэх, гэр бүлтэйгээ амралтанд амрах эрхийн бичиг, машин тавих тусгай талбай гэх мэт. Энэ орон газар нутгаар жижиг, хүн ам шигүү, байгалийн баялаг хомс учраас тэд маш сайн нэгдэж чаддаг. Бүлгээрээ илүү үр дүнтэй, ялангуяа хүнд хэцүү асуудлыг шийдэхдээ европчуудаас хол давуу байдаг
Амжилттай удирдах япон арга

Япончууд удирдлагын арга барил европ, америкийнхаас юугаараа ялгаатай гэж та бодож байна? Тэдний баримталдаг удирдлагын гол тулгуур нь хүний нөөц байдаг. Японд удирдах ажилтны өмнө тавигдах зорилго нь “Ажилтны бүтээмжийг өсгөх замаар үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх” байдаг бол Европ, Америк менежмент “Хамгийн бага зардлаар хамгийн ихийг олох” хандлагыг баримталдаг. Ингээд та бүхэндээ Японы менежментийн судлаач Хидеки Йосихарагийн тодорхойлсон удирдлагын 6 шинжийн талаар хүргэе. Эдгээрийг хэрэгжүүлснээр та бусдыгаа сайн удирдах боломжтой.
АЖЛЫН БАЙР, ИТГЭЛЦЛИЙН БАТАЛГАА
Энэ баталгаа хангагдсанаар хүмүүс ажилд орж, гарах урсгал эрс багасдаг. Тогтвортой байдал нь ажилтнуудын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, удирдлагатай дарга болон ажилтны эсрэг харьцааг зөөллөх зэрэгт тустай. Байгууллагын үйл ажиллагаа сайжрахад удирдлага – ажилтны харьцаа онцгой нөлөөтэй гэж япончууд үздэг. Энэ баталгаа нь Европт төдийлөн байхгүй “Насан туршийн ажил” системийг бүрэлдүүлдгээрээ онцлог юм.

МЭДЭЭЛЭЛ
Хэрэгтэй мэдээлэл, өгөгдөл цуглуулах, тэдгээрийг үр дүнтэй ашиглах нь чанарын болон үйлдвэрлэлийн эдийн засгийн ашгийг нэмэгдүүлэхэд онцгой нөлөөтэй гэж япончууд үздэг. Удирдлагууд сар бүр орлого, үйлдвэрлэлийн тоо хэмжээ, чанар, цэвэр ашгийг төлөвлөж байсан хэмжээндээ хүрсэн эсэхийг шалгадаг. Энэ нь ирж буй хүндрэл, саадыг мэдрэхэд тустай бөгөөд үүнийг тодорхойлж гаргаснаар аливаа бэрхшээлийг даван туулах бэлтгэлээ аль хэдийнэ базаасан байдаг.

ЧАНАР
Фирмийн удирдлага бүр чанарын хяналтын талаар байнга ярьж, үйлдвэрлэлийн явцад ч санаа тавьсаар байдаг. Өөрийн удирдаж буй тасаг, үйлдвэрийн чанарт сэтгэл хангалуун байх нь хамгийн гол чадвар гэж үздэг байна.

 

АЖЛЫН БАЙРАНДАА ҮРГЭЛЖ БАЙХ
Аарсан хүндрэл, аливаа асуудлыг шийдэхийн тулд удирдлагын ажлын байрыг үйлдвэрлэлийн талбай дээр байлгадаг. Өөрөөр хэлбэл япон даргын ажлын өрөө ажилтнуудтайгаа хамт байхаар зохион байгуулагдсан байдаг. Тэд асуудлыг шийдэх бүрт шинэ санаа, журам гаргаж байдаг бөгөөд шинэ бүтээл, оновчтой санал, чанарын дугуйлан зэрэг системийг Японд өргөнөөр ашигладаг ажээ.

ЭМХ ЖУРАМ, ЦЭМЦГЭР БАЙХ
Чанарын үзүүлэлтийн гол илэрхийлэл нь эмх цэгц, цэвэр байдал юм. Японы үйлдвэрийг удирдлагууд барааны чанарын баталгаанд эергээр нөлөөлөхүйц тийм эмх цэгц, цэвэр байдлыг бүрэлдүүлэхийг эрмэлздэг.

ҮНЭТ ЗҮЙЛ ТОДОРХОЙ БАЙХ
Үомпанийн үнэт зүйл, тодорхой байх чанар маш чухал. Аль ч түвшний ажилчид, удирдлага байгууллагынхаа төлөв хандлага, зорилт, явуулж буй бодлогын талаар мэдэж байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилчид ба удирдлагын харилцаа, тасгуудын харилцан ажиллагаа зэрэг нь тухайн компанийн ҮНЭТ ЗҮЙЛС болохыг ажилчин бүрт мэдүүлэхийг удирдлагууд нь хичээдэг. Мөн тэрхүү үнэт зүйлсээ бүх түвшинд тасралтгүй барьж байхыг зорьдог байна. Ерөнхийдөө, японы удирдлагын систем хүний харьцаан дахь зохицол, хамтран ажиллах чадвар, хувь хүний чанар, ажилчид удирдлагын хоорондох найрсаг байдал, ажлын байрны тогтвортой байдал зэргийг сайжруулахад тулгуурласан гэж ойлгож болно.

Японы шилдэг 10 менежер
Шилдэг менежерүүдийн арга туршлага, амжилтанд хүрсэн түүх бидэнд ажлаа сайн явуулах гайхалтай санаа, шийдлүүдийг өгдөг билээ. Японы шилдэг 10 менежер салбарынхаа өндөрлөгт хэрхэн хүрсэн тухай та уншаарай.

МЕНЕЖМЕНТИЙН БУРХАН - КОНОСУКЭ МАЦУСИТА (1893–1989)
Түүнийг менежментийн бурхан гэдэг. 1933 оноос залгуур, цахилгаан чийдэн зэрэг жижиг сажиг зүйлсээс гараагаа эхэлж дэлхийн зах зээл дээр өөрийн овгоор нэрлэгдсэн олон төрлийн ахуйн цахилгаан бараа гаргах хүртэлх замыг “улаан гараараа” хөдөлмөрлөж, ухаанаараа боловсруулсан тэрээр орчин үеийн аж үйлдвэржсэн Япон орны нэрийн хуудас болдог. «Мацусита», «Нэшнл», «Панасоник» зэрэг дэлхийд алдартай маркууд түүнд хамаатай. Дайны өмнөх эдийн засгийн хямралтай гучаад он, дайны хүнд жилүүд, дайны дараах эдийн засгийн хямралын жилүүдэд түүний ажлын зохицуулагч, урамшуулагч арга барил нь алсыг харах чадвар, техникийн сэтгэлгээ болдог байж. Улсынхаа хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэхийн тулд амьдралын сүүлийн 10 жилийг бизнесийн мэдлэг, хуримтлуулсан туршлагаа улс төрийн салбар руу чиглүүлж, “PHP” (Peace, Happiness, Prosperity) нийгмийн хөдөлгөөн санаачилж, Улс төр Эдийн засгийн сургууль байгуулжээ. Энэ сургуулиас парламентын 40 гаруй гишүүн, олон тооны удирдлагууд төрсөн байна.

СОИТИРО ХОНДА (1906–1991): ХЭРЭГЛЭГЧЭЭ МЭДРЭХЭЭ БОЛИВОЛ БИДНИЙ АЖИЛД ТӨГСГӨЛ ИРНЭ
Хонда мотор” компанийг үндэслэгч бөгөөд 1948 онд Хамамацу хотод компаниа байгуулжээ. Тэдний баримталдаг гол зарчим нь “Хэрэглэгчээ мэдрэхээ боливол ажилд төгсгөл ирнэ”. 1960 онд тухайн үедээ мотоциклийн дэлхийд хамгийн том үйлдвэр байгуулсан ба 1963 оноос “Хонда” байгаль орчинд хамгийн бага хаягдал гаргадаг мотортой машин үйлдвэрлэсэн нь олон улсын зах зээл дээр амжилт олжээ. Үйлдвэр, салбар үйлдвэрүүд нь олон оронд бий.

“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД” - АКИО МОРИТА (1921–1999)
1946 онд Масаро Ибукатай хамтарч “Токио цусин когё” компани байгуулсан нь “Sony”-гийн суурь болжээ. Япондоо олон улсын зэрэглэлийн бизнесмэнд тооцогддог. Ибука корпорацийнхаа дотоод хэрэг, шинэ техникийн тал дээр анхаарсан бол Морита санхүү, олон улсад корпорацийн байр суурийг бэхлэх, дэлхийн зэх зээл дээр бүтээгдэхүүн гаргах зэрэг асуудлыг хариуцдаг байж. Түүний санаачлагаар Калифорнид “Sony” үйлдвэр, “Sony trading” худалдааны корпораци байгуулагджээ. Мөн Япон-Америкийн эдийн засгийн харилцааны багийн гишүүнээр ажиллахдаа хоёр улсын худалдааны тал дээр олон зүйл хийсэн бөгөөд түүнийг Японы үйлдвэрлэлийн гадаад хэргийн сайд гэж албан бусаар цоллодог байжээ.

“ЗОХИОН БҮТЭЭГЧ, МЕНЕЖЕР” - МАСАРУ ИБУКА (1908–1997)
“Sony”-г олон жил удирдсан. Японы олон тооны аудио-видео техникийн орчин үеийн загварыг гаргаж, 1950 онд японы анхны магнитофоныг зохион бүтээсэн хүн юм. Мөн 1955 онд америкийн лицензээр японы анхны транзисторт хүлээн авагчын үйлдвэрлэлийг зохион байгуулжээ. Энэ нь одооны японы хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болсон гэж үздэг. Телевизор, «Тринитрон» өнгөт телевизор, кассетны магнитофон, «Walkman» жижиг оврын кассетны хөгжим зэрэг олон, бүтээгдэхүүнд түүний оролцоо бий.

“АВТОМАШИНЫ АКУЛ” - КИИТИРО ТОЁДА (1894–1952)
Автомашины «Toyota» компанийг үндэслэгч бөгөөд 1930 онд эцгийнхээ ашиглаж байсан автомат нэхэх суурь машины үйлдвэрт машин үйлдвэрлэлийн судалгааны лаборатори нээж ажлын гараагаа эхэлжээ. Гуравхан жилийн дараа лабораторио үйлдвэрлэх тасаг болгон өргөтгөж, улмаар автомашины акул “Тоёота дзидося когё” байгуулагдсан гэнэ.

“КАПИТАЛИЗМЫН ЭЦЭГ” - ЭЙИТИ СИБУСАВА (1840–1931)
Түүнийг японы капитализмийн эцэг гэдэг. Барууны бизнесийн туршлагыг өөрийн орны эдийн засагт оруулж ирсэн, Японы орчин үеийн үйлвэржилтэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. 1875 онд түүний байгуулсан сургуулиас одоогийн Хитоцубаси их сургууль эхтэй. 1878 онд Токио-гийн худалдааны танхимыг удирдаж байсан
КОРЭКИЁ ТАКАХАСИ (1854–1936)
Дайны өмнөх японы санхүүгийн зүтгэлтэн. 1911 онд Японы банкны ерөнхийлөгч болсон. 1921 оноос ерөнхий сайд, Сэйюкай намын дарга. Хямралт 1920 – 1930 оны үед 7 засгийн газрын хугацаанд санхүүгийн сайд байсан.
КОЯТА ИВАСАКИ (1879–1945)
Дайны өмнөх японы “Мицубиси” корпорацийн удирдагч. Томоохон хөрөнгөтөн-үйлдвэрийн эзэн.
ХАНДЛАГЫГ МЭДРЭГЧ” - ТОСИО ДОКО (1896–1988)
Машины дугуй уйлдвэрлэлийн “Bridgestone” компанийг байгуулагч. Тэрээр дэлхийн зах зээл дээрх машины дугуйн борлуулалтын хандлагыг мэдэрч, урдчилан хэлдэг байснаараа олонд нэртэй байж. 1969 онд Токио-гийн орчин үеийн урлагийн музейг улстаа бэлэглэжээ.

МОНГОЛЧУУДЫН НҮДЭЭР Япон менежмент

БИЗНЕС ДЭХ ГАЛТ БӨМБӨГ

Япончууд ажил дээр “бөмбөг” гэж үгийг их хэрэглэнэ. “Ажил хэн дээр очоод гацчихав?, хаана сул зогсолт үүсэв?” гэхийг “хэн бөмбөг тэврээд байна аа?” гэх жишээтэй. Бөмбөгөөр жишээлэх нь тун оновчтой юм шиг байгаа юм. Бөмбөгөөр наадаж тоглох үед бөмбөг нэг тоглогчоос нөгөө рүү гэж, завсар зайгүй ойн үсчиж байдаг даа. Үүнтэй адил бүх ажил тухай тухайн мөчдөө хэн нэгэн эзэнтэй байна. Тэгтэл хааяа хэний ч хариуцлагад хамаарахгүй ажил бас байж байдаг. Тэр бол хүмүүс бие биедээ найдчихсан, бөмбөг бүгдийн дунд ойчоод дэмий хэвтэж байх үе юм. Ийм байдал гаргахгүй байж, ажлын процессыг байнга шалгаж байх нь лидер хүний нэг чухал үүрэг болно. Мөч бүрт хариуцах эзнийг тодорхой болговол бие биедээ найдах, цаг алдах явдал гарахгүй бөгөөд ажил хурдтай, тасралтгүй явагдана. “Би өчигдөр бүгд рүү нь бөмбөг шидчихсэн байгаа” гэдэг ч юмуу, “Энэ асуудлаар өчигдөр захирал дээр орж байдлыг танилцуулсан, захиралд атгуулсан болохоор хүлээгээд байж байя”, “цаадах чинь мэйлийн хариуг их удаадаг болохоор хүмүүс ч өөр рүү нь бөмбөг буцаахдаа хойрго болчихсон юм” гэх мэт яриаг япон компаниас сонсч болно.

Япон, Токио, Софт банкны мэргэжилтэн М. Тулгат

ХООРЭНСОО


Япон хэлэнд “Хоорэнсоо” гэсэн ухагдахуун байдаг. Энэ нь Хоококу (Тайлагнах, мэдээлэх), Рэнраку (Холбоо барих), Соодан (Зөвлөх) гэсэн үгийг эхний үеэр нь товчилж үүсгэсэн ойлголт юм. Манай МОНЦАМЭ гэдэг шиг. Хоорэнсоо гэж нийлүүлээд дуудахаар Японд хоолонд өргөн хэрэглэдэг навчин ногоотой адил сонсогдоно. Япончуудтай нэг дор ажиллахад энэхүү “Хоорэнсоо”-г байнга хэрэглэж занших хэрэгтэй. Аливаа нэг асуудал шийд гарах төвшинд очих хүртэл холбогдох хүмүүс өвөр зуураа байнга зөвлөж, холбоо барьж, тайлагнадаг гэсэн үг. Хоорэнсоо дүрмийг баримталснаар ажил хариуцсан ажилтнаасаа авахуулаад ажил шийдэх дарга нь хүртэл байнга реаль тайм мэдээллээр хангагдана. Мөн хоорэнсоог тогтмолжуулснаар цэргээсээ дарга хүртэл тухайн асуудалд хандах үзэл хандлага, ойлголт, вектор нь ижилсэж ирдэг сайн талтай. Ингээд шийдвэр гаргасны дараа нэг жигд ойлголт, вектортой болсон компани албан байгууллага бүх хүчээ дайчлан шийдвэр хэрэгжүүлэх боломжийг аль хэдийнээ бий болгочихсон байдаг.
Монгол байгууллагад үүнээс арай өөр зарчим үйлчилж байх шиг санагддаг. Асуудал хариуцсан ажилтан ихэвчлэн өөр дээрээ цугласан болон цуглуулсан мэдээллээ бусадтайгаа хуваалцах дургүй, зөвлөх дургүй, дээр нь бас тайлагнах чадвар дульхан байдаг. Мэдээллийг өмхийртөл нь дарсаар ажил нураах тохиолдол ч олон. Тиймээс нэг байгууллага байтугай нэг жижиг хэлтэс тасаг дотор ч хүн бүр шал өөр юм ярина. Дарга нь тэмээ гэж байхад цэрэг нь ямаа гээд зогсч байх энүүхэнд. Японд суралцаж буй миний нэг танил найз хэдэн жилийн өмнө гэрлэлтээ батлуулахаар Японд суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын хэлтэст хандаж л дээ. Шаардагдах бичиг баримтыг утсаар лавлан бүрдүүлж, өдрийн сайныг сонгон, Осакагаас Токио хүртэл замын зардал гарган байж гэрлэх бүсгүйтэйгээ хамт очжээ. Гэтэл ЭСЯ-ны ажилтан тэдний бүрдүүлсэн бичиг баримтыг дутуу байна гээд буцаачихаж. Лавлах үед хэлж өгөөгүй баахан бичиг баримт нэмж шаардаж л дээ. Найз маань гайхаж, “Үгүй ээ, бид танайх уруу лавлаж байж л бүрдүүлсэн юм даа” гэхэд “Тэр ямар хамаатай юм бэ. Та нар надтай ярихгүй яасан юм” гэж амыг нь тагласан гэж байгаа. Элчингийн ажилтнууд найзын маань асуултад хариулж мэдэхгүй байсан юм бол мэддэг хүнтэй нь холбоод өгчих “Рэнраку”(Холбоо барих) ажлын этикгүй байж л дээ. Хаанаасаа хаалгач нь гэдэг шиг “Надаас асуухгүй яасан юм” гэж томордог нөхөр хэрэв энд суугаа монголчуудаас ийм асуулт олон ирдэг, тийм тохиолдолд ийм тийм материал бүрдүүлэх хэрэгтэй гэсэн лавлагааг ажлын байран дээрээ бэлэн байлгаж, бусадтайгаа мэдээллээ хуваалцдаг байсан бол ийм хүндрэл гарахгүй л байж. Мэдээллийг бусадтай хуваалцалгүй өмчирхдөг зан Монголын хөгжлийн төмөр чөдөр ажээ

Япон, Киото, П.Наранбаяр