Та оюутан болоод мэдээж хичээлийнхээ хажуугаар бага ч болов ажил хийж ойр зуурын хэрэглээний мөнгө бий болгох зайлшгүй шаардлагатай тулгардаг биз дээ. Мөн төгсөөд ажлын байран дээр очих үед бэлдсэн зөвлөмж, зөвлөгөө их чухал юм. Түүнчлэн ажилд ороход одооноос л эхлэн бэлдэх хэрэгтэй. Та хаана ч гэсэн ажилд орох болоход бүх байгууллага ярилцлаганд оруулдаг. Энэ ярилцлагыг хүний нөөцийн менежер, захирал ч хийж болно. Харин ярилцлагын асуултуудаас хамгийн нийтлэг гэх асуултуудыг хэрхэн хариулж болох “шипи”-тэй нь орууллаа.
1. Та өөрийнхөө тухай товч танилцуулна уу?
Ажил олгогч таны хариултаас дараах зvйлийг анхааралтай ажиглана:
-Таныг товч намтраа ярих нь уу, эсвэл өөрийн давуу тал, мэдлэг чадвараа ярих нь уу
- Ур чадвар, туршлага мэргэжил, хариуцлага зэрэг гол зүйлийг ярьж байна уу
-Товч ойлгомжтой ярьж байна уу, өөртөө хэр итгэлтэй хүн бэ гэдгийг голчлон харна
2. Бэрхшээлийг хэрхэн давж туулдаг, асуудалд хэрхэн ханддаг?
Энэ асуултанд та өөдрөг хариулт өгөх хэрэгтэй. Өөтөө итгэлтэй, тодорхой, зорилготой, хариуцлага хүлээх чадвартай. Багаар хамтран ажиллаж чадах хvн л тийм хариулт өгөх тул таны оноог нэмнэ гэсэн үг.
3. Энэ ажил юугаараа таны сонирхлыг татаж байна вэ?
Нэртэй том компанид мэргэжлээрээ ажиллах нь нэр төрийн хэрэг, ажилд орж, амжилт олохоор шийдсэн хүн өөрийг нь зохих ёсоор үнэлдэг байгууллагад чадварлаг хүмүүстэй хамт ажиллаж, сурч мэдсэн зүйлийнхээ үр өгөөжийг гаргах нь чухал гэсэн хариултыг өгөх хэрэгтэй.
4. Та яагаад өөрийгөө энэ албан тушаалд тэнцэнэ гэж бодож байна?
Өөрийнхөө давуу талыг ичиж зоволгvй шууд хэлэх боломж. Энэ асуултанд давуу талаа зүгээр нэг дурдаад зогсохгүй сонсож байгаа хүний итгэлийг төртөл хариулж сурах хэрэгтэй. Хэрэв намтраа тоочсон сул дорой хариулт өгөөд байвал ажилд орох магадлал багасна.
5. Яагаад бид таныг ажилд авах ёстой вэ?
Бас л өөрийгөө нээх сайхан боломж. Тухайн ажлыг хийхэд хамгийн хэрэгцээтэй байх чадварууд танд байгаа гэдгээ дурдаж, тодорхой жишээг татан баримттай ярих ёстой.
6. Таны сул талууд?
Ухаалаг хүн өөрийнхөө сул талын тухай урт жагсаалт уншихгүй нь ойлгомжтой. Ихэвчлэн ажилд ороход тустайг нь бодож “Намайг ажилдаа улайраад гэр орноо мартдаг гэж зэмлэдэг”, эсвэл “Би өөртөө болон бусдад хэт өндөр шаардлага тавьдаг” гэх мэт хариулт өгөх нь зүйтэй. Энэ нь асуулт тавьсан хүнд “ярианы эвийг тааруулж эвгүй зүйлийг ч өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг хүн байна” гэж бодогдуулдаг.
7. Та яагаад өмнөх ажлаасаа гарсан бэ?
Хэрүүл маргаан эсвэл өмнөх дарга, ажил онцгүй санагдаад, дампуураад гэх мэтээр муулж огт болохгүй. Харин ч ухаалаг хүн өмнөх ажлынхаа сайхан зүйлийг дурдаад, илүү сонирхолтой, өндөр цалинтай, мэдлэг чадвараа бүрэн ашиглах хүсэлдээ хөтлөгдөөд гарсан гэх зэргээр эвтэйхэн хариулна.
8. Та яагаад ажлаа солихоор шийдсэн бэ?
Ярилцлаганд орох үедээ өөр газар ажиллаж байгаа хүмүүст энэ асуултыг тавьдаг. Дээрх шиг утгатай хариулт өгвөл зүгээр
9. Ажилд орох өөр санал авсан уу?
Хэрэв байгаа бол өөр бусад саналуудын тухай дурдаад яагаад энэ л ажлыг илүү сонирхож буйгаа онцолбол ажилд орох магадлал тань өснө. “Ажил гэдэг чинь зөвхөн мөнгөний төлөө биш, бас таашаал авч байх ёстой шүү дээ. Тэгээд л энэ ажлыг сонгосон юм” гэх мэтээр хариулаарай.
10. Бусад компаниудын ярилцлаганд хэр амжилттай орсон бэ?
Энэ асуултаар тухайн компанид яагаад тэнцээгүйг мэдэхийг хүсдэг. Хэрэв та өрсөлдөгч компанийх нь талаар ихэд сонирхсон гэдгээ эвтэйхэн ойлгуулж чадвал өрсөлдөгч рүүгээ явуулахгүй байхыг хичээнэ.
11. Ачаалал нилээд шаарддаг энэ ажилд таны хувийн амьдрал, ар гэр ямар байх вэ?
Энэ асуултыг голдуу эмэгтэйчүүдэд тавьдаг. Хүүхэд гаргахгүй, нөхөрт гарахгүй байх хэцүү шаардлага тавьдаг. Тэдний тааллаар л хариулаарай. Гол нь худлаа ярьсны хэрэггүй.
12. Та 10 жилийн дараах амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?
Идэвхи санаачилгагүй, ирээдүйгээ төлөвлөх чадваргүй хүмүүс “Ёстой төсөөлж байсангүй, бодсонгvй” гэх мэтээр хариулдаг. Харин амжилтанд хүрэхийг зорьж байгаа хүн цаашид мэргэжлийнхээ ур чадварыг яаж өсгөх талаар төвөвлөж буйгаа ярих нь гарцаагүй юм.
13. Та манай ажилд орвол ямар өөрчлөлт хийх вэ?
Санаачилгатай, нөхцөл байдлыг мэдэрдэг, үнэхээр тухайн ажилд орох гэж зорин зарим нэг зүйлийг нь судалсан гэдгээ харуулж, хийх өөрчлөлтийнхөө тухай ярьвал сайн. Гэхдээ “Танай сурталчилгаа ойлгомжгүй, бүтээгдэхүүний давс шорвог, гадаад дизайн нь тааруу ” гэх мэт шүүмжилсэн өнгө аястай хариулт байж болохгvй. Та хэрвээ нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэлгүй байгаа бол мэдэмхийрч том дуугараад хэрэггүй.
14. Таны чадварын талаар лавлаж асуух хүн бий юу?
Энэ тохиолдолд өмнө нь хамтран ажиллаж байсан хүмүүс эсвэл өмнөх удирдлагынхаа утас, хаяг, нэрийг шууд өгдөг байх ёстой. Ийм төрлийн мэдээллийг нуун дарагдуулах нь тухайн хүний талаар ам сайтай хүн байдаггүй эсвэл туршлага муутай гэдгийг шууд бусаар баталдаг.
15. Та хэдий хэмжээний цалин авмаар байна? (Хамгийн нийтлэг асуулт)
Өөрийнхөө үнэ цэнийг мэддэгүй хүн бусдын зууш болдог гэдэг. Мэргэжлээ сайн мэддэг, өөртөө итгэлтэй хүн үнэ цэнээ сайн мэддэг учир өндөр цалин авахаар төлөвлөсөн байдаг. Авах цалингийнхаа хэмжээг буулгаснаас өсгөсөн нь хавьгvй дээр.
Бусад нийтлэг асуултууд:
1. - Таны шинэ ажилд хэрэг болох мэргэжлийн хэлхээ холбоо бий юу?
2. - Та ур чадвараа хэрхэн дээшлүүлдэг вэ, өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ?
3. - Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
4. - Та хэзээнээс эхлэн ажилдаа орж чадах вэ?
5. - Танд бидний зүгээс лавлаж асуух зүйл байна уу?